Манай компани Монгол орны алслагдсан, хүн амын нягтрал бага, дэд бүтэц сул хөгжсөн сумуудад үүрэн телефоны болон интернэтийн үйлчилгээ хүргэх зорилготой “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй алсын зайн утасгүй дамжуулалт” төслийг амжилттай дуусгалаа. хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан болон Хэрлэнбаян-Улаан сумуудыг холбосон радио-релейний сүлжээг амжилттай байгууллаа. Уг сүлжээг ашиглан үүрэн холбооны Skytel компани Хэрлэнбаян-Улаан суманд үйлчилгээгээ хүргэж эхэллээ. Уг үйлчилгээ хүрсэнээр хөдөө орон нутгийн хэрэглэгчид, малчид мэдээлэл авах холбооны найдвартай шинэ эх үүсвэртэй болж байгаа билээ.
Уг радио-релейний сүлжээ нь Дэлгэрхаан суманд байрлах дамжуулах/хүлээн авах антенн, Хэрлэнбаян-Улаан суманд байрлах дамжуулах/хүлээн авах антенн ба Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан сумын хооронд оршдог Баян-Цогт уулан дээр суурилуулсан релейны цамхаг гэсэн хэсгүүдээс тогтоно. Дэлгэрхаан сумаас Хэрлэнбаян-Улаан хүртэл 32 километерийн зайтай бөгөөд Дэлгэрхаан сумаас 18,95 км, Хэрлэнбаян-Улаанаас 13км-ийн зайд орших Баян-Цогт уулан дээр релейний цамхагаа босгохоор сонгосон.
Уулан дээр орших релейны цамхаг нь үл тасалдах, нар салхины сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй. Радио-релейний сүлжээ нь 5GHz-ийн давтамжийн зурваст өгөгдөл дамжуулах өндөр хурдаар ажиллана. Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан сумууд дээр үүрэн холбооны операторт зориулсан E1-ийн төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд түүгээр дамжуулан үүрэн холбооны үйлчилгээ үзүүлж байгаа. Радио-релейний сүлжээний өгөгдөл дамжуулах хурд хангалттай байгаа тул цаашид өөр үүрэн холбооны операторууд манай байгуулсан сүлжээг ашиглан Хэрлэнбаян-Улаан суманд үйлчилгээгээ хүргэх боломжтой.
| Дараахи > |
|---|































